top of page

Матрассаа хэрхэн зөв цэвэрлэх вэ?

Матрассыг цэвэр цэмцгэрээр нь хадгалж унтаж нойрсож буй орчноо эрүүл байлгахын тулд зөв арчилгаа шаардлагатай байдаг. Унтаж байх үед хүний арьс нүдэнд харагдахгүйгээр байнга гуужиж байдаг бөгөөд нян бактери, жижиг бичил биет, тоос тоосонцор, мөн хүний гуужсан арьсаар хооллодог тоосны хачиг гэх мэт нь матрассанд үүрлэн амьдрах өндөр магадлалтай. Тиймээс дунд хугацаанд тогтмол цэвэрлэгээ хийж байх нь таны болон таны гэр бүлийн эрүүл мэндэд маш чухал билээ. Sealy Mongolia нь таньд матрассаа хэрхэн бохирдлоос хамгаалах, цэвэрлэх тухай дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.


1.Матрассны углаа хамгаалалт хэрэглэх:


Матрассны цэвэр байдлыг хадгалахын тулд матрассны хамгаалалт буюу матрассны углаа хэрэглэж заншвал зохимжтой. Чанартай матрассны хамгаалалт нь таны матрассыг өдөр тутмын хэрэглээний болон гадны бохирдол, тоос тоосонцор шингэх, толбо тогтох болон хамгийн гол нь нян бактер үржих зэргээс хамгаалдаг. Матрассны хамгаалалтыг салгаж аваад угааж цэвэрлэхэд амархан бөгөөд хамгийн амархан бохирдлоос хамгаалах аргуудын нэг юм.


Матрассны хамгаалалт буюу углаа нь 2 янз байдаг.

  • Бүтэн углагддаг хамгаалалт буюу матрассны дээд тал болон хажуу талуудыг бүхэлд нь бүтэн бүрхдэг углаа.

  • Зөвхөн дээд хэсгийн гадаргууг хамгаалан тавигддаг, дөрвөн буландаа резинтэй углаа.

Энэ 2 төрөл нь дотроо усны хамгаалалттай, хамгаалалтгүй гэсэн материалын нэмэлт сонголттой байдаг. Нялх хүүхэдтэй айлд усны хамгаалалттай матрассны углаа тохиромжтой бөгөөд, тодорхой хэмжээнд нь заагдсан шингэнийг доош нэвтрүүлдэггүй давуу талтай. Гэхдээ сул тал нь усны хамгаалалттай углаа материалаасаа шалтгаалан хэвтэхэд шажигнаж дугарах магадлалтай байдаг.



2. Толбо арилгах:


Бага насны хүүхэд, эсвэл тэжээвэр амьтантай бол ор болон матрасс маш амархан толбо болдог. Толбыг арилгахад хүйтэн бүлээн ус хэрэглэх нь шалгарсан аргуудын нэг бөгөөд температур нь халуун байж болохгүй. Матрассыг арчиж цэвэрлэх үедээ нэвт норгох, химийн гаралтай хүчтэй цэвэрлэгээний бодис ашиглахаас татгалзаарай. Цэвэрлэгээний химийн бодисууд нь матрассны бүрдүүлэгч хэсгүүд, зөөлөвч давхаргууд болон бусад материалуудын чанарт сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд, хүчтэй цэвэрлэгээний бодис нь матрассны материалыг гэмтээж, нян бактерийн эсрэг хамгаалалтыг багасгах сөрөг нөлөөтэй.


Толбыг хүйтэн усанд нэг халбага сода, нэг халбага давс хийж хутгаад зөөлөн алчуураар ус багатайгаар арчвал тогтсон толбо тодорхой хэмжээгээр арилдаг. Хэрэв толбо тод тогтсон бол зөөлөн саван бага зэрэг түрхээд хүйтэн усаар арчиж цэвэрлээрэй. Зөөлөн саван гэдэг нь “хүний арьсанд гэмтэл бага учруулна” гэсэн заалттай саванг хэлдэг. Харин цусны толбо бол арилгахад маш хэцүү учир хатахаас нь өмнө яаралтай цэвэрлэх арга хэмжээ аваарай.



3. Эвгүй үнэр арилгах:


Матрассанд шингэсэн эвгүй үнэр болон нярай хүүхдийн шээсний үнэр, толбыг арилгахыг хүсвэл матрасс дээрээ хүнсний сода бага хэмжээгээр жигд цацсаны дараа нэг цаг болгосоны дараа бүхэлд нь соруулж авна. Соруулахдаа хэт чанга дарж, үрж бологүй. Хэрэв тэгвэл матрассны материалыг урж болзошгүй. Хүнсний сода нь элдэв үнэрийг арилгахаас гадна толбыг ч сайн арилгадгаараа давуу талтай.



4. Вакум соруулж цэвэрлэх:


Матрассыг сайтар цэвэрлэх өөр нэгэн арга бол вакум цэвэрлэгээ буюу зориулалтын сорогчоор соруулах юм. Вакум цэвэрлэгээ нь матрассны дотор байрласан бичил тоос, тоосонцор болон хачигнуудыг багасгадаг. Хүнийг шөнө унтаж байх зуур, хүний арьс мэдэгдэхгүйгээр бага багаар гуужиж байдаг учраас тоосны олон сая хачигнууд нь тэдгээр үхжсэн арьсаар хооллож, матрассанд үүрлэдэг байна. Энэ нь хүний биед астма, олон төрлийн харшил үүсгэх гол хүчин зүйл болдог. Тиймээс вакуум цэвэрлэгээ зайлшгүй хийж байх шаарлагатай. Тохируулгыг нь бага дээр тавиад заагдсан хугацаанд цэвэрлэгээ хийж байгаарай. Мөн хэт их буюу байнга тоос соруулаад байвал матрассны бүрдүүлэгч хэсгүүд болон гадаргууг гэмтээх магадлалтай.



Тэгвэл матрассыг хэдий хугацааны давтамжтай цэвэрлэх вэ?


Матрассыг 6 сар тутамд нэг удаа, эсвэл хамгийн багадаа 8-10 сард нэг удаа цэвэрлэхийг бид санал болгож байна. Хэрвээ та болон танай гэр бүлийн гишүүн харшил эсвэл астма-тай бол илүү ойр ойрхон буюу 3 сар тутамд нэг удаа цэвэрлээрэй.


Sealy зөвлөмж:

  • 3 сар тутамд матрассаа 180 градусаар эргүүлж байх

  • Матрассыг хуурай цэвэрхэн байлгах

  • Долоо хоногт бүр матрасс дээрх хэрэглэлүүдээ авч 1-2 цаг агаар солилцоо өгч байх

  • Матрасс дээрээ үсрэхгүй байх

  • Матрассны хамгаалалт углаа байнга хэрэглэх

  • Матрассны жингийн даралтыг жигд хүлээж авах стандарт хангасан ор, суурь хэрэглэх

  • Ор, хөнжлийн даавуугаа тогтмол сольж, угааж байх

  • Тэжээвэр амьтадтайгаа цуг унтахгүй байх

Comments


Бусад мэдээнүүд
Онцлох бүтээгдэхүүнүүд

No product

No product

No product

bottom of page