top of page

Өөрт хамгийн тохирсон дэрээ хэрхэн сонгох вэ?



Өглөө бүр маш сэргэг, сэргэлэн цовоо, толгой өвдөхгүй сэрэх нь хүн бүрийн хүсэх зүйл билээ. Өдөр бүрийн ажлын ачаалал, удаан хугацааны биеийн болон оюуны хөдөлмөр эрхлэх, амьдралын хэв маяг, нийгмийн бухимдлаас шалтгаалан стресс ядаргаанд орох нь элбэг тохиолдож байна. Үдэш бүр биеийн ядаргаагаа тайлан зөв унтаж амрах нь таныг маргааш өдөр нь бүрэн цэнэглэж, эрч хүчтэй байлгана. Үүний тулд таны биеийн хэлбэр, хэмжээнд тохирсон дэр, матрасс чухал үүрэгтэй байдаг билээ.


Та хамгийн сүүлд дэрээ хэзээ сольсон бэ? Магадгүй та дэрээ сольж амжаагүй нэг жил эсвэл тэрнээс ч удаж байгаа байж магадгүй юм. Судалгаанаас үзэхэд ор матрасс сонгох нь таны сайхан амрах болон нойрны эрүүл мэнддээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалтанд тооцогддог. Харин дэрээ зөв сонгоход хүмүүс арай бага ач холбогдол өгдөг боловч чанартай сайхан нойрсоход матрасстай адил чухалд тооцогддог байна.


Өөрт тохирсон зөв дэр сонгох нь яагаад чухал вэ?

Ажлын ачаалалтай өдрийн дараа хүний хүзүү, сээр, багана нурууны яс болон булчингууд маш их ядардаг ба үдэш унтахдаа тэдгээрийн өвөрмөц хэлбэрийг хадгалан зөв байрлалд хэвтэх амраах нь маш чухал байдаг. Дэр болон матрасс нь тав тухтай байдлыг үзүүлэхийн хажуугаар доороос хангалттай тулж өгөн аль ч талаараа унтсан энэхүү зөв байрлалыг шөнийн турш хадгалж байх ёстой. Тохиромжтой зөв дэр сонгон хэрэглэх нь хүзүү сээрний шохойжилт болон бусад эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх сайн талтай байхын зэрэгцээ нэгэнт үүссэн сөрөг өөрчлөлтүүдийг цааш даамжруулахгүй байх тустай юм. Ортопедик ач холбогдлын хажуугаар дэр нь таны хамгийн чухал эрхтэн болох толгой тархийг амраах үүргийг гүйцэтгэж байгаа учраас доторх болон гадар материалууд нь биед сөрөг нөлөөгүй, чийг татдаггүй, ямар нэгэн үнэр гардаггүй байвал зохино. Үүнээс гадна хангалттай удаан хэрэглэсэн дэрэнд агуулагддаг нүдэнд үл үзэгдэх олон мянган тоосны хачиг, нян бактерууд нь аллерги, астма, амьсгалын замын зарим өвчнүүдийг үүсгэдэг ба мөн нүүрэнд дээр элдэв зүйл гарах , туурах зэрэг нь хуучирсан, муу материалтай дэртэй холбоотой байдаг.


Дэрийг хэзээ солих болсон гэж үздэг вэ?

Аливаа дэрний төрөл, хийгдсэн материал, брэндээс шалтгаалан хэрэглэх хугацаа нь янз бүр байдаг. Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар ерөнхийдөө дэрийг нэг жил хагас буюу 18 сар хэрэглээд солихыг зөвлөдөг. Харин хэлбэр хадгалдаг зөөлөвч гэх мэт тусгай материалаар хийгдсэн дэрнүүд харьцангуй удаан буюу 3 хүртэлх жил хэрэглэгдэх боломжтой. Мэдээж өндөр зэргийн чанартай дэр нь хямдхан дэрнүүдтэй харьцуулахад удаан хэрэглэгдэж эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь эерэг байдаг билээ. 1.5-3 жил хэрэглээд дэрээ солих нь зарим хүмүүст хурдан санагдаж байж болох ч та дэрээ ганцхан жилд 2500-с ч олон цаг тасралтгүй хэрэглэсээр байдаг.


Дэрний материал аль нь танд таарах вэ?

Дэрний доторх дүүргэлт бүхий материалууд нь маш олон төрөл байдаг. Аль аль нь өөрийн гэсэн давуу болон сул талуудтай ба хүн бүрийн өөрийн онцлог, таашаалаас хамаарах учраас аль нэгийг нь хамгийн шилдэг нь гэж нэрлэхэд хэцүү байдаг. Ингээд хамгийн нийтлэг хэрэглэгддэг дэрний төрлүүдийг танилцуулж байна:


Өд/сөдөн дэрнүүд: Эдгээр төрлийн дэрнүүд нь зөөлхөн, хөнгөн байдаг. Ихэвчлэн галуу эсвэл нугасны өд, сөдийг ашиглан хийдэг ба галууны сөд нь нугасныхаас илүү зөөлөн, мөн тансаг байдаг байна. Энэхүү төрлийн дэрнүүд нь харьцангуй уламжлалт хэрэглээ бүхий сонголт ба зөөлөн дэр дэрлэх дуртай хүмүүс таашаах нь олонтаа. Өд/сөдөн дэрний сул тал гэвэл та хямд үнэтэйгээс нь сонгосон тохиолдолд элдэв аллерги, харшил үүсгэх магадлал маш өндөртэй гэж үздэг. Учир нь чанар муухан өд/сөд нь хангалттай сайн ариутгагдаж цэвэрлэгдээгүйгээс болоод тухайн амьтны тоос үлдсэн байдаг нь харшил үүсгэх шалтгаан болж харин сайтар ариутгагдан цэвэрлэгдэж нян бактерын эсрэг шинж чанар бүхий нэмэгдэлтэй өд сөдөн дэрнүүд нь илүү удаан эдэлгээтэй, өндөр үнэтэй байна.


Синтетик сөд/полиестер дүүргэлттэй дэрнүүд: Синтетик буюу хиймэл сөдөн дэр нь байгалийн гаралтай жинхэнээсээ хямд сонголт ба эдэлгээний хувьд богино байдаг. Харин полиестер дүүргэлттэй дэр нь бусад дэрнүүдтэй харьцуулахад хамгийн боломжийн үнэтэй боловч эрүүл ахуйн талаасаа ойр ойрхон солих шаардлагатай.


Ноосон дэрнүүд: Байгалиасаа тоосны хачиг үржихээс хамгаалдаг ба чийгийг өөртөө шингээх давуу талтай. Өвөлдөө дулаан зундаа сэрүүхэн шинж чанартай боловч зарим мэдрэг хүмүүст доороос халуун оргиулах байдлыг мэдрүүлдэг. Ихэвчлэн хатуу дэр дэрлэх дуртай хүмүүст тохиромжтой.


Байгалийн латекс дэрнүүд: 'Rubber tree' модны шүүснээс гаргаж авдаг энэхүү дэр нь толгойн даралтыг тэнцвэржүүлэн хүзүү хөшиж өвдөх, хөөрөх зэргээс сэргийлдэг ба байгалиасаа нян бактер, тоосны хачигны эсрэг хамгаалалт бүхий шинж чанартай төдийгүй хэт хатуу, эсвэл хэт зөөлөн биш учраас нүүр, хүзүүний арьсыг үрчийлгэдэггүй давуу талтай.


Хэлбэр хадгалдаг зөөлөвч бүхий дэрнүүд: Энэхүү материал нь таны хүзүү, толгойн хэлбэрт төгс зохицон жингийн даралтыг гадаргуун дээрээ жигд хуваарилдаг учраас хүзүү сээрний шохойжилт зэрэг эмгэг өөрчлөлттэй хүмүүст нэн тохиромжтой. Эдгээр шинж чанарууд нь энэ материалан дэрийг сүүлийн үед маш эрэлттэй болгож байгаа. Харин сул тал гэвэл доороос халуун оргих магадлалтай байдаг нь өрөөний темпратур их үед нойрон дунд хөлөргөх, тух алдагдуулах тохиолдол гарч болно. Иймээс энэхүү төрлийн дэрийг сонгохдоо агаар нэвтрүүлэх үүрэг бүхий нүхнүүдтэй дэрийг сонгохыг зөвлөж байна.


Гель агуулсан дэрнүүд: Энэхүү тусгай материал агуулсан дэрнүүд нь харьцангуй өндөр үнэтэй байдаг боловч гель нь доороос халуун оргиж толгой хөөрөхөөс сэргийлэн зохистой темпратурыг барьдгаараа бусад дэртэй харьцуулахад илүү тав тухтай сайхан унтаж нойрсоход тусладаг. Төрлүүдийн хувьд цул гельэн гадаргуутай эсвэл гель агуулсан зөөлөвч материалтай гэх мэт олон янз байдаг.


Таны унтдаг байрлалд ямар дэр тохиромжтой вэ?

Нойрон дундаа хүн маш олон удаа хөрвөөж байрлалаа сольдог боловч өөр өөрийн гэсэн унтах дуртай байрлалуудтай байдаг. Дэрлэх дэрийг үүнтэй холбон үзвэл зузаан нь хатуу зөөлнөөсөө хамааран 7-14см байвал зохих ба ерөнхийд нь доорх байдлаар ангилж болно:


Хажуу талаараа унтдаг хүмүүст: Хатуувтар дэр тохиромжтой ба хэмжээний хувьд мөрнөөс толгойн орой хүртэл өргөн, чихнээс мөр хүртлэх хэмжээний урт байвал зохистой.


Доошоо харж гэдсээрээ унтдаг хүмүүст: Зөөлөн дэр тохиромжтой ба илүү нимгэн байвал хэрэгтэй. Эсвэл бүр дэргүй унтсан ч болдог.


Дээш харж нуруугаараа унтдаг хүмүүст: Хүзүү болон нурууны ясыг нэг түвшинд тэгш байрлалд хадгалах дэр тохиромжтой ба мөр хүзүүний хэсэгт гүдгэр, толгойн дагзны хэсэгт хонхор буюу контор хэлбэртэй дэрнүүд тохиромжтой байдаг.



Манай дэрний коллекцийг үзэхийг хүсвэл энд дарна уу.




Бусад мэдээнүүд
Онцлох бүтээгдэхүүнүүд

No product

bottom of page